ШУТИС-КООСЭН Технологийн Коллежийн 3, 4-р ангийн оюутнууд жил бүр тогтмол явагддаг “Сакура Сайенс ”хөтөлбөрийн дагуу 2019 оны VIII сарын 27-ноос IX сарын 2-ны хооронд Японы Мияаги мужийн Аяаши хот дахь Сэндай-КООСЭН Технологийн Коллежийн Хиросэ кампуст 7 хоногийн хугацаатай сургалт дадлагад оролцоод ирлээ. Энэ удаагийн хөтөлбөрт ШУТИС КООСЭН Шинэ Монгол КООСЭН, Монгол КООСЭН сургуулийн нийт 12 оюутан, 2 багш хамрагдсан юм. Сургалтын үеэр Сэндай- КООСЭН сургуулийн техникийн ухааны доктор багш Сүзүки Жюн Arduino ашиглан цахилгаан хэлхээнд ажилладаг программ зохиож, программын дагуу эх хавтан дээр хэлхээ угсарч холболт хийх сэдвээр лекц, дадлагын нийт 21 цагийн хичээл оров. Хичээлийн дагуу оюутнууд мөн Arduino дээр программ зохиож, программын дагуу эх хавтан дээр хэлхээ угсран тус тус өөрсдийн бүтээл хийсэн юм. Мөн оюутнууд Сэндай- КООСЭН сургуулийн байр байгууламж, бүтэц зохион байгуулалт, сургалтын үйл явц болон Мияаги мужийн Оосаки хот дахь Мэйжи Гоосэй (MEIJI GOOSEI) хуванцар эд анги үйлдвэрлэх үйлдвэр, Кёоюү (KYOYU), Дайкэн (DAIKEN) металл боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Сургалтын хугацаанд Сэндай-КООСЭН сургуулийн захирал Фүкумура Хироши, дэд захирал Баба Казутака, Оосаки хотын дарга Итоо Ясуши нар багш оюутнуудыг хүлээн авч уулзаж, дадлага сургалтандаа амжилттай оролцож, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэн, цаашид Монголын КООСЭН сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Энэ удаагийн дадлага нь Японы КООСЭН сургуулийн сургалт, арга барил төдийгүй, Японы үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, ажиллах орчин нөхцөл, аюулгүйн горим, цаг ашиглалт зэрэг япончуудын аж амьдралаас ойлгож мэдэхэд оюутнуудад боломж болж, тэдний цаашид сурч боловсрох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход нь чухал хувь нэмэр оруулж чадлаа.