ШУТИС-ийн харьяа (Коосэн) Технологийн коллежийн эрдэмтэн багш, оюутан суралцагчид 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “БИД СУДЛААЧ ИНЖЕНЕРҮҮД БОЛНО” хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Хаврын баярын арга хэмжээнд Монгол Улсад суугаа Япон Улсын бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү гэргийн хамт, Боловсролын яамны Салбарын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Цахим бодлогын газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Дээд боловсролын газрын дарга Ж. Ариунболд, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, KRC (Koei Research & Consulting Inc) судалгааны багийн төлөөлөл, ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н. Эрдэнэхүү болон хүндэт зочид удирдлагууд, эрдэмтэн багш, оюутнууд, эцэг эх асран хамгаалагчид оролцлоо.
Манай сургуулийн оюутнууд Япон үндэсний Аваодори бүжиг, бөмбөртэй бүжиг болон урлагийн тоглолтыг сонирхуулж үзэгчдийн сонорыг мялаалаа.
Энэ жилийн хаврын баярын арга хэмжээгээр оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, чиглүүлэх, судлаач инженерүүдийг бэлтгэх, бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, логик дэс дараалалтай сэтгэх ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор ханын илтгэл /постер/-ийн уралдаан зарласан. Энэхүү уралдааны эхний шатанд 18 оюутан бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд I-V курсийн 40 баг шалгарсан.
I байр: Механик инженерчлэлийн II ангийн суралцагч Б.Хантэнгэр, Б.Анар нарын 30 өдрийн ажиглалт, судалгааныхаа үр дүнгээр улаан лоолийн бордоо гарган авсан судалгаа 1-р байрт шалгарч, Япон улсын Осака хотод “EXPO-2025”-д оролцох эрхээр шагнууллаа.
II байр: Мэдээллийн технологийн II ангийн оюутан Д.Өнөболд зөөлөн ур чадварыг инженерийн мэдлэгтэй хослуулах нь ирээдүйн инженерүүдэд ямар давуу тал, өгөөжтэй болохыг судалсан ба энэхүү үйл ажиллагааг сургуульдаа бий болгох боломжийг функц тус бүрээр нь судалсан. Мөн түүнчлэн илтгэх ур чадвар, биеийн хэлэмж, өөртөө итгэлтэй байдлаараа шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.
III байр: Механик инженерчлэлийн I ангийн оюутнууд Г.Амарболд, Э.Уранчимэг, Б.Түвшин-Амгалан, Д.Пүрэв-Очир нар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүн амын таатай, аюулгүй орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах боломжийн судалгаагаар тус тус шалгарлаа. Зочин шүүгчид маань I ангийн оюутнууд гэхэд маш том сэдэв сонгон амжилттай судалсан мөн оролцсон тэмцээн уралдаанууд арвин байгаад талархал илэрхийлэн, механик инженер гэдэг мэргэжлийг өндөрт өргөж явахыг ерөөж оюутнуудад маань урам өглөө. Мөн нийт оюутан сурагч эрдэмтэн багш нар мэргэжил тус бүрээрээ бүүт /booth/ бэлдэн оюутан сурагчдын хийсэн бүтээлүүд болон судалгааны ажлуудаа дэлгэн танилцууллаа.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлсэн шилдэг оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн сургуулийн “Бил судлаач инженерүүд болно” хаврын баярын арга хэмжээд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчдөдөө талархсанаа илэрхийлье.