Мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ШУТИС-ийн харьяа Технологийн коллежид тавтай морилно уу.

Япон улсын Коосэн загварын инженер, технологийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны менежмент манай сургуульд хэрэгжээд 11 жил өнгөрч байна. 15 настай хүүхдүүдийн гараараа бүтээх, хийх сонирхол дээр тулгуурлан Япон улс тэртээ 1960 оноос энэхүү боловсролын тогтолцоог бий болгосон бөгөөд энд төгссөн инженерүүд аж үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан түүхтэй.

Инженер технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин эрэлт ихтэй байгаа энэ үед манай сургууль Япон улсын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлж, барилга, механик, цахилгааны инженерчлэл, мэдээллийн технологи хөтөлбөрөөр дэд бакалаврын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна. Манай оюутнууд 20 насандаа инженер болж төгсдөг бөгөөд их сургуулийн 3-р курсээс үргэлжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд давшин суралцах, Японы компанид ажиллах бүрэн боломжтой байдаг нь Коосэн загварын инженерийн боловсролын тогтолцооны давуу тал, онцлог юм.

Сургалтын хөтөлбөрийн тухайд ерөнхий эрдмийн хичээлүүдийн агуулга нь мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдах бөгөөд хичээлүүд онолын мэдлэгээс гадна практик дадлага хийлгэх байдлаар хослуулан мэдлэг олгох, түүнийгээ турших, бүтээх, дадлага хийлгэх зэргээр инженер хүнд байх ур чадварыг олгож байна. Түүнээс гадна манай үндсэн сургалтын үйл ажиллагаанаас гадна хичээлээс гадуурх дугуйлан, клубийн үйл ажиллагаа маш чухал бөгөөд оюутнууд хамтран ажиллах, бүтээлч, эрэлхийлэх ур чадваруудыг энд батжуулан суралцаж олж авдаг. Тухайлбал: барилгын чиглэлээр Дизакон клуб, цахилгаан электроник, хиймэл оюун ухаан, механикийн чиглэлээр Дкон, Ганробот, инженер хүн мэдвэл зохих программ хангамж, компьютерын чиглэлээр CAD/CAM клуб хичээллэдэг бол урлаг, спортын дугуйлангууд ч мөн ажилладаг.

Манай ШУТИС-ийн харьяа Технологийн коллежийн оюутан, суралцагчид сониуч, бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэгч инженерүүд болохоор шамдан суралцаж байгааг харахад бахархалтай байдаг.

Та бүхнийг манай сургуульд суралцахыг урьж байна.

Монгол улсын хөгжлийн түлхүүр инженер хүний гарт бий.

Даваадаш ДУЛМАА

Захирал

ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж