ШУТИС-Коосэн Технологийн коллежид тавтай морилно уу
Япон улсын Коосэн загварын инженер, технологийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны менежмент манай сургуульд хэрэгжээд 9 жил өнгөрч байна. 15 настай хүүхдүүд гараараа бүтээх, хийх сонирхол дээр тулгуурлан Япон улс тэртээ 1960 оноос энэхүү боловсролын тогтолцоог бий болгосон бөгөөд энд төгссөн инженерүүд аж үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан түүхтэй.
Инженер технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин эрэлт ихтэй байгаа энэ үед манай сургууль Япон улсын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлж, барилга, механик, цахилгааны инженерчлэлийн хөтөлбөрөөр дунд түвшний дээд боловсролтой инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна. Манай оюутнууд 20 насандаа инженер болж төгсдөг бөгөөд их сургуулийн 3-р курсэд үргэжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, Японы компанид ажиллах бүрэн боломжтой байдаг нь Коосэн загварыг инженерийн боловсролын тогтолцооны давуу тал, онцлог юм.
Сургалтын хөтөлбөрийн тухайд ерөнхий эрдмийн хичээлүүдийн агуулга нь мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдах бөгөөд хичээлүүд онолын мэдлэгээс гадна практик дадлага хийлгэх байдлаар хослуулан мэдлэг олгох, түүнийгээ турших, бүтээх, дадлага хийлгэх зэргээр инженер хүнд байх ур чадварыг олгож байна.
Түүнээс гадна манай үндсэн сургалтын үйл ажиллагаанаас гадна хичээлээс гадуурх дугуйлан, клубын үйл ажиллагаа маш чухал бөгөөд оюутнууд хамтран ажиллах, бүтээлч, эрэлхийлэх ур чадваруудыг энд батжуулан суралцаж олж авдаг. Тухайлбал: барилгын чиглэлээр Дизакон клуб, цахилгаан электроник, хиймэл оюун ухаан, механикийн чиглэлээр Дкон, Ганробот, инженер хүн мэдвэл зохих програм хангамж, компьютерийн чиглэлээр CAD/CAM клуб хичээллэдэг бол урлаг, спортын дугуйлангууд ч мөн ажилладаг.
Япон улсын Коосэн загварын технологийн коллежууд, компаниудтай нягт хамтын ажиллагаатай ажилладаг тул оюутнуудад Япон явж танилцах болон үйлдвэрийн дадлагаар ажиллах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, Япон улсад зохиогддог олон улсын инженер, технологийн тэмцээнүүдэд оролцох бүрэн боломжтой.
Манай ШУТИС-Коосэн Технологийн коллежийн оюутан, суралцагчид сониуч, бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэгч инженерүүд болохоор шамдан суралцаж байгааг харахад бахархалтай байдаг.
Та бүхнийг манай сургуульд суралцахыг урьж байна.
Монгол улсын хөгжлийн түлхүүр инженер хүний гарт бий.
Хүндэтгэсэн: ШУТИС-КООСЭН Технологийн коллежийн захирал Д. Дулмаа