Мэдээллийн технологийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Мэдээллийн технологийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежоос зохион байгуулж буй “Мэдээллийн технологийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Мэдээллийн технологийн өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт урилгаар:

  • Монгол Улсын баатар, хошууч генерал, техникийн ухааны доктор, Монгол Улсын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Кондо Казумаса
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Сайто Миёоко (Saito Miyoko)
  • Боловсролын яамны Цахим боловсрол, статистик мэдээллийн газрын дарга Т. Бат-Эрдэнэ
  • ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Ханато Риса
  • ШУТИС-ийн Сургалт, бодлого зохицуулалтын газрын дарга М. Эрдэнэтуяа
    нар оролцлоо.

Өдөрлөг нь нээлтийн хүрээнд зураг авалт, захирлын мэндчилгээ, морин хуурын хөгжим зэрэг соёлын хөтөлбөрөөр эхэлсэн бөгөөд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Кондо Казумаса мэндчилгээ дэвшүүлэв.

Арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбарын төлөөлөл, зочин илтгэгчид оролцож, оролцогчдод сонирхолтой илтгэл, нээлттэй ярилцлагыг хүргэлээ. Үүнд:

  • Мэдээллийн технологийн зочин – “Infinite Solution” ХХК-ийн захирал Б. Саруул
  • Боловсролын зочин – Боловсролын яамны Цахим боловсрол, статистик мэдээллийн газрын дарга Т. Бат-Эрдэнэ
  • Онцгой зочин – Монгол Улсын баатар, хошууч генерал, техникийн ухааны доктор, сансрын нисэгч Ж. Гүррагчаа

Зочид өөрсдийн туршлага, мэдлэг, салбарын хөгжлийн чиг хандлага, залууст нээгдэж буй боломжуудын талаар илтгэл тавьж, оюутан, багш нартай нээлттэй ярилцлага өрнүүлсэн нь оролцогчдод өндөр ач холбогдолтой байлаа.

Мөн өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн Технологийн коллежийн авьяаслаг оюутнууд урлагийн үзүүлбэрүүд толилуулж, монгол болон япон бүжиг, хөгжмийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн нь арга хэмжээг улам баяжуулсан юм.

Арга хэмжээний төгсгөлд “KOSEN-IT HACKATHON” анхдугаар тэмцээн болон “Бид судлаач инженерүүд болно” судалгааны арга хэмжээнд амжилттай оролцож, байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулж, тэдний хичээл зүтгэл, амжилтыг үнэлэн алдаршууллаа.

Энэхүү өдөрлөг нь мэдээллийн технологийн салбарын мэдлэг, туршлагыг түгээх, оюутан залуусыг урамшуулах, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй, ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.