“БИД ИНЖЕНЕРҮҮД БОЛНО” ХАВРЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн эрдэмтэн багш, ажилчид оюутан суралцагчид 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “БИД ИНЖЕНЕРҮҮД БОЛНО” хаврын баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

Хаврын баярт Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого, статистикийн газрын дарга Т. Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д. Эрдэнэбаяр, Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи,  ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Т. Цолмонбаатар болон бусад хүндэт зочид, ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнууд, эцэг эх асран хамгаалагчид оролцлоо.

  

ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д. Дулмаа “Оюутнууд маань амьдралынхаа нэгэн сайхан 5 жилийг бидэнтэй өнгөрөөж байгаа тул бид энэхүү хаврын баяраа тэднийхаа 5 жилийг гэрэлтэй гэгээтэй болгох өгөх зорилгоор хаврын баяраа урлаг соёлын арга хэмжээгээр чимж байгаа билээ.15-20 насны хооронд инженер болохоор зорьж байгаа бяцхан оюутнуудын маань амжилт бүтээл, авьяас чадварыг та бүхэн таалан соёрхоно уу. Монгол улсын хөгжлийн түлхүүр инженер хүний гарт бий гэж бид итгэдэг” гэж хаврын баярын нээлтийг албан ёсоор эхлүүлэв.

 

Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү “Монгол улсад Коосэн загварын 3 сургууль байгуулагдсанаас хойш 10 жилийн турш чадварлаг инженерүүдийг тууштай бэлтгэж ирсэн бөгөөд үүнийг Монголд болон Японд өндрөөр үнэлдэг билээ. Өнөөг хүртэл Япон Монгол 2 орны холбогдох хүмүүс хамтран ажиллаж, олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, Монголд Япон хэв маягийн Коосэн сургуулийг байгуулж, бүтээлч сэтгэлгээг өвлүүлж буйд хүндэтгэл илэрхийлэхийн хамт, та бүхний өдөр тумын хүчин чармайлт одоо ч тасралтгүй харагдаж байна. Энэ сургуульд сурч байгаа оюутнууд та бүхэнд миний бие бяцхан атаархах сэтгэл төрж байна. Япон улсын засгийн газрын хувьд ч Монголын 3 Коосэн сургуульд өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн МЖИЙД төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлж, инженер технологийн боловсон хүчин бэлтгэхэл хамтарч ажилласан бөгөөд, цаашид ч энэ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж Монгол улсын бие даасан тогтвортой  хөгжилд хувь нэмрээ оруулах бодолтой байна” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

  

Хаврын баярын үеэр ШУТИС-Коосэн Технологийн коллежийн оюутнууд Япон үндэсний Аваодори бүжиг, бөмбөртэй бүжиг болон урлагын тоглолтыг сонирхуулж үзэгчдийн сонорыг мялаалаа.

 

Мөн нийт оюутан сурагч эрдэмтэн багш нар мэргэжил тус бүрээрээ асар бэлдэн оюутан сурагчдын хийсэн бүтээлүүд болон судалгааны ажлуудаа дэлгэн танилцууллаа.

 

Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа.