Мэргэжлийн хөтөлбөр танилцуулах өдөрлөг

2026 оны 11 дүгээр сарын 7-ны бямба гаригт Коосэн хөтөлбөрийн онцлог, сургалтын арга зүй, суралцагчийн хөгжлийн чиглэл, төгсөгчдийн ажил эрхлэлт болон гадаад хамтын ажиллагаа, сургалтын явцын талаар оюутан, эцэг эх, асран хамгаалалагчдад танилцуулах, хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Коосэн хөтөлбөрийн таван жилийн шаталсан сургалтын тогтолцоо, суралцагчдад төлөвшүүлэх мэдлэг, ур чадвар, хандлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээл сургалтын зохион байгуулалт, суралцагчдын сурлагын амжилт, хөгжил төлөвшил, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаа, Япон Улсын коосэн сургууль, төрийн байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, төгсөгчдийн цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах болон хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжийн талаар мэдээлэл өгсөн нь оролцогчдын анхаарлыг татсан чухал хэсэг байлаа.

Өдөрлөгийн нэг онцлог нь эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаа, хүүхдийнхээ суралцах явц, цаашдын хөгжлийн боломжийн талаар мэдээлэл авах, багш, сургалтын албаны төлөөлөлтэй санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлсэн явдал байв.

Тус өдөрлөг нь эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, суралцагчийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоог дэмжих, сургалтын чанар, үр дүнг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгосон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.