Монголд "Коосэн" сургууль байгуулахыг санаачлагч, үүсгэн байгуулагч А.Ганбаярын нэрэмжит "Инженерийн боловсрол-Монголд" онол практикийн бага хурал амжилттай боллоо.

         Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо (МТКҮХ)-ноос инженерийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их дээд сургууль, коллежийн эрдэмтэд, багш судлаачдын дунд зохион байгуулсан А.Ганбаярын нэрэмжит “Инженерийн Боловсрол-Монголд” Онол практикийн бага хурлын 2-р шат 2021 оны 05 сарын 14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

          Инженерийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой шийдэлд хүрэх зорилготой тус хурлын 1-р шатанд нийт 15 их дээд сургууль, коллежийн багш судлаачид илтгэлүүдээ илгээснээс 10 илтгэл 2-р шатанд шалгарсан юм.

2-р шатны хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж тус 10 илтгэгчид илтгэлүүдээ хэлэлцүүлснээс ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Ш.Цоож, С.Дэлгэрмаа, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Г.Ганчимэг нар хамтран “Багшийн үнэлгээний өгөгдлийг SURE загвар болон SPSS программаар боловсруулсан судалгаа” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байр, Шинэ Монгол Технологийн Коллеж (ШМТК)-ийн багш Т.Мөнхбат “Хэрэглээний математик II сурах бичгийн агуулгад хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээрээ хоёрдугаар байр, мөн ШМТК-ийн багш О.Даариймаа “Цахим сургалтын үеийн сурагч төвтэй сургалтын аргууд” сэдэвт илтгэлээрээ гуравдугаар байр эзэллээ. Тусгай байрын шагналыг МУИС-ийн ХШУИС-ийн багш Б.Онон “Оюутны мэдээлэл боловсруулах хурд ба темпераментийн хамаарлын судалгаа”, ШМТК-ийн багш Б.Наранбаатар, Ватанүки Хисаши нар “Мэргэжлийн инженер багшаар заалгасан “Инженерийн ёсзүй” хичээлийн талаарх туршлага” сэдэвт илтгэлүүдээрээ хүртлээ.

Шагналт байранд орсон багш судлаачиддаа баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Оролцсон бүх судлаачиддаа баярлалаа.